
Улаанбаатар хот, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр – Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус ашиглалтын байгууллагуудын туршлага солилцох түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлэх уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын Ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.
Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн нэг үндсэн бүрэлдэхүүн болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд төслийг хэрэгжүүлж буй юм. Энэхүү түншлэлийн хөтөлбөрийн цар хүрээг Олон улсын усны ассоциацын “AquaRating” аргачлалаар УСУГ-ын үйл ажиллагааны үндсэн найман чиглэлд нарийвчилсан үнэлгээ хийж, уг үнэлгээний үр дүнд тулгуурлан тодорхойлсон.
“Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ”-ний гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт хөгжиж буй олон улс орны ус ашиглалтын байгууллагуудтай хамтран түншлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай Нидерландын Вант Улсын “Витенс Эвидес Интернэйшнл” байгууллага шалгарч, 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаар ийнхүү төслийг эхлүүлж буй юм.

Түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлэх уулзалтад Монголын Мянганы сорилтын сан болон зөвлөх компани “Витенс Эвидес Интернэйшнл”-ийн төлөөллөөс гадна АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Ахлах захирал Кумар Ранганатан, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, УСУГ-ын дарга Ц.Төрхүү удирдлагын баг болон инженерүүдийн хамт оролцов. Түүнчлэн Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг Компактын санхүүжилтээр хэрэгжүүлэх чиглэлд МСК талаас хариуцан ажиллаж ирсэн Ахлах захирал Стефен Гаул энэхүү уулзалтад цахимаар оролцлоо.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Компакт гэрээг хөгжүүлэх үе шатнаас эхлээд өнөөг хүртэл тасралтгүй нягт хамтран ажиллаж ирсэн УСУГ-тай хамтын ажиллагааныхаа бас нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Компакт гэрээний хөрөнгөөр бүтээн байгуулж буй Баруун эх үүсвэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг цаашид хариуцан ажиллуулах УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулж, үйл ажиллагааг нь бодитоор сайжруулж, бэхжүүлж авсан энэхүү туршлагаа урт хугацаанд тогтвортой хадгалах чиглэлд төсөлд оролцогч бүх талыг ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.


Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон “Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ”-ний талаар уулзалтад оролцогчдод ерөнхий мэдээлэл өгсөн бол зөвлөх компани “Витенс Эвидес Интернэйшнл”-ийн Бүс нутаг хариуцсан захирал Адриан Мэлс, ажилтан Боудевайн Стерк нар компанийн ерөнхий мэдээлэл болон гэрээний хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хуваарь, хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах аргазүй зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.



Уулзалтын төгсгөлд зөвлөх багийн төлөөлөл оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага хийн уулзалтыг өндөрлүүлэв.
Хөтөлбөрийн зохион байгуулагч “Витенс Эвидес Интернэйшнл” компани нь УСУГ-тай үйл ажиллагааны хувьд ижил төстэй, нийтлэг бэрхшээл бүхий, хөгжингүй орны, өндөр туршлагатай ус ашиглалтын байгууллага буюу ментор байгууллагыг сонгон шалгаруулж, туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд энэхүү түншлэлийн хөтөлбөрийг нийт 35 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.