Ус амьдрал тэтгэж, итгэл нөхөрлөлийг бататгана
2021-04-19

Ус бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол орц юм. Нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилго бүхий Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ.