
Улаанбаатар хот, 2020 оны 06 дугаар сарын 16 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Худалдан авах чадварыг тодорхойлж, хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн боломжит хувилбаруудыг боловсруулах ажлыг эхлүүлэх албан ёсны уулзалтыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу Монголын МСС нь усны салбарт бүтээн байгуулалт, дэд бүтцийн тодорхой төслүүд хэрэгжүүлэхээс гадна Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор Ус сувгийн удирдах газар болон усны үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллагад үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлаа хангахад нь туслалцаа үзүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-д үзүүлэх техникийн туслалцааны хүрээнд нэн ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг эрсдэлээс хамгаалах, усны хэрэглээг нь дэмжих зорилго бүхий хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийн хувилбаруудыг салбарын холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, цаашдын бодлого, үйл ажиллагаанд нь тусгах чиглэлээр хамтран ажиллах юм.

Уулзалтад тус ажлыг хариуцан хэрэгжүүлэх Канад Улсын “Коватерсожима”, ХБНГУ-ын “Саксон Вассер” компаниудын хамтарсан багийн зөвлөхүүдээс гадна ХСУХАТАҮЗЗ, Ус сувгийн удирдах газар (УСУГ), Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын төлөөлөл, мөн бие даасан зөвлөхүүд оролцов.
Уулзалтаар Монголын МСС-аас хэрэгжүүлж буй Зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааны хүрээнд хийж гүйцэтгэж буй болон хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулан, оролцогч талуудын санал, зөвлөмжийг хүлээн авав.

Мөн дашрамд дурдахад, төслийн хүрээнд Монголын МСС нь ус хангамжийн ашиглалт, үйлчилгээний болон чадамжийг судлах цогц судалгааг Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын нийт иргэдээс түүвэрлэсэн 5,000 өрхийг хамруулж байгаа бөгөөд судалгааны үр дүнг энэ оны сүүлээр гарна хэмээн төлөвлөж байгаа юм.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.