Нэгдүгээр Компакт Гэрээний хүрээнд хэрэгжсэн Хөрөнгийн Эрхийн Төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан хурал цахимаар болж өндөрлөлөө
2020-06-15

Улаанбаатар хот, 2020 оны 6 дугаар сарын 3 – Монгол Улсын Засгийн газар 2007 онд 284.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн Компакт гэрээг АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай байгуулж, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол ба сургалт, эрчим хүч ба хүрээлэн буй орчин, авто зам болон хөрөнгийн эрхийн зэрэг таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Энэхүү нэгдүгээр Компакт гэрээний Хөрөнгийн эрхийн төсөл (ХЭТ)-ийн эцсийн шатны үнэлгээ болох Бүртгэлийн тогтолцоог чадавхжуулах бүрэлдэхүүн хэсгийн гүйцэтгэлийн үнэлгээг оролцогч талуудад танилцуулах хурал 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр цахимаар болж өнгөрлөө.

Choice 2

Хуралд МСК-ыг төлөөлөн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч ноён Эрик Гүтшоф, Хөрөнгийн эрхийн ахлах зөвлөх ноён Леонард Ролфс, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн дүн, шинжилгээний захирал Б.Ууганбаяр, түүнчлэн нэгдүгээр Компактын гүйцэтгэлийн үнэлгээг хариуцан ажилласан “Клоудбурст” группийн Үнэлгээний мэргэжилтэн хатагтай Кэйт Кантрелл болон ХЭТ-ийн бусад оролцогч талууд тус тус оролцов.

Цахим хурлын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Э.Содонтогос хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар товч мэдээлэл өгөөд,  төсөл хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтойг онцоллоо. 

Choice 3

Хатагтай Кэйт Кантреллийн танилцуулсан “Бүртгэлийн тогтолцооны үйл явцын судалгаа: Эцсийн шатны үнэлгээ” сэдэвт тайланд дурдсанаар, ХЭТ-ийн хүрээнд хөрөнгийн эрхийн дүрэм журмыг хөгжүүлж, хотын газар ашиглалт, төлөвлөлтийг сайжруулан, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн үйл ажиллагааг хялбарчилснаар дараах урт болон дунд хугацааны үр дүн гарчээ. Үүнд:

- Газрын удирдлагын тогтолцоо сайжирч, бүртгэлийн ажилтнуудын ажиллах нөхцөл болон үйлчилгээний чанар сайжирсан.

- Бүртгэлийн үйлчилгээ авахад зарцуулдаг өртөг зардал, хугацаа багасч, үр ашиг, бүтээмж нэмэгдсэн.

- Газрын тухай хуульд өөрчлөлт орж, ипотекийн зээлийн хөнгөлөлтийн журам батлагдсанаар газрын эрхийн бүртгэл хийлгэх, бүртгэлийн тогтолцоогоор үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн.

- Газрын удирдлагын тогтолцоонд итгэх итгэл нэмэгдэж, хар зах зээл дээр газар болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах явдал багассан.

- Зээл авах боломж нэмэгдсэн.

- Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын эрх шилжүүлэх боломж нэмэгдсэн.

- Бүртгэлийн үйлчилгээнд шаардагдах хугацаа, зардал буурснаар газрын эрхээ бүртгүүлж, зээл авах авах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, оролцоо сайжирсан.

Тайлангийн танилцуулгын дараа өрнүүлсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Монголын МСС-ийн Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн дүн, шинжилгээний захирал Б.Ууганбаяр нэгдүгээр Компактын хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг тайлагнаж, нээлттэй хэлэлцэж буйд талархснаа илэрхийлээд, хоёр дахь Компактыг хэрэгжүүлэгч багийнханд өмнөх Компактын ололт, туршлагаас судлах суралцах, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах олон зүйл байгааг хэлсэн юм.

Хурлын төгсгөлд МСК-ын Бодлого үнэлгээний газрын дарга Женнифер Лишер оролцсон бүх талуудад талархал илэрхийлээд, хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж буй багийнхны цаашдын ажилд амжилт хүслээ.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.