Улаанбаатар, 2021 оны 9 дүгээр сарын 2 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр АСЕМ цогцолборын Хурлын танхимд амжилттай боллоо.
Хуралд Гадаад харилцааны дэд сайд, Монголын МСС-ийн ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн удирдлага, холбогдох захирлууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Хурлын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт тус байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн зорилтууд, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг танилцуулсны дотор Компактын хүрээнд хэрэгжүүлж буй Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Турк Улсын МАПА компани энэ оны 7 сард шалгарч барилгын ажил эхлэхэд бэлэн болсон талаар болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс гарах дахин боловсруулсан усыг дамжуулах шугам хоолойн зураг төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр Холбооны Бүгд Найрамдах Герман улс (ХБНГУ)-ын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компани шалгарч зураг төслийн ажил эхэлсэн зэргийг онцлон дурьдав.

Монголын МСС-ийн ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б. Мөнхжин Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн барилга угсралтын ажлын талаар дотоодын аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангаж, бүтээн байгуулалтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр МҮХАҮТ болон бусад бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахыг Удирдах зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын МСС-ын удирдлагуудад чиглэл болголоо.


Мөн удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн профессор Н.Батсүх олон нийтэд чиглэсэн мэдээлэл харилцааны ажилдаа эрдэмтэн багш нарыг татан оролцуулж, усны соёл, усны хариуцлагатай хэрэглээний тухай шинжлэх ухаанч мэдлэг олгох нь чухал болохыг онцлов.


Ээлжит хурлаар Монголын МСС-ийн Мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөө, 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2021 оны 4 дүгээр улирлын Санхүүжилтийн төлөвлөгөө болон Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг холбогдох захирлууд тус тус танилцуулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулав. Түүнчлэн, Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг Нийгэм, жендэрийн нэгдсэн төлөвлөгөөг, Дотоод аудитын захирал Б.Батбаяр Мэдээлэл харилцааны стратеги боловсруулалт болон Хүний нөөцийн удирдлагад хийсэн дотоод аудитын дүн шинжилгээний талаар тус тус мэдээлэл өгөв.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.
Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 14 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.



