МОНГОЛЫН МСС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022-12-15

Улаанбаатар хот, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Удирдах зөвлөлийг 2022 оны гуравдугаар улирлаас эхлэн Сангийн сайд даргалж байгаа бөгөөд хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон Удирдах зөвлөлийн гишүүд, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тина Юү, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал болон холбогдох захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

Хурлаар Удирдах зөвлөлийн хувийн хэвшил, иргэний нийгмийг төлөөлөх гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудал, Дотоод аудитын стратегийн тодотгосон төлөвлөгөө болон 2023 оны төлөвлөгөө, Хөндлөнгийн хараат бус аудитын 2022 оны тайлан, дүгнэлт, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх багц ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.

Түүнчлэн, Хөтөлбөрийн удирдлагын тогтолцоо, арга хэрэгсэлд хийсэн судалгааны дүн, тайлан, Монголын МСС-ийн нийцлийн чиг үүргийн бүтэц, хэрэгжилтэд хийсэн судалгааны дүн, Эрсдэлийн удирдлагыг мөн Удирдах зөвлөлд танилцуулав.

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Сангийн сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 19 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.