Авлига, санхүүгийн луйвартай тэмцэх асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2019-04-03

Зүүн гар талаас Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, МСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Рассин нар. Монгол Улс, Улаанбаатар хот. 


Улаанбаатар хот, 2019 оны 11 дүгээр сарын 18 - АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс 2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах гэж буйтай холбогдуулан Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцсан Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон МСК-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-ны Даваа гаригт ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар авлига, хээль хахууль, санхүүгийн луйврын эсрэг АНУ-ын Засгийн газар болон МСК-ын баримталдаг суурь зарчмууд, улмаар тэдгээр зарчим нь МСК болон Монголын МСС-ийн үйл ажиллагаанд бодитоор хэрхэн тусгалаа олсон байдаг талаар танилцуулж, сацуу авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай үр дүнтэй тэмцэх, сэргийлэх, таслан зогсоох асуудлаар төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхний дуу хоолойг сонсч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын МСС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан Ахлах захирал Кристофер П.Уильямс, МСК-ын Монгол Улс дахь Суурин захирал Алекс Рассин, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон авлигатай тэмцэх газар, ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зориг сан, Транспарэнси Интернэшнл, Глоб Интернэшнл, Нээлттэй нийгэм хүрээлэн, Ил тод байдал сан тэргүүтэй төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцлоо.


###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжиж буй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.