БХБ-ын сайдын зөвлөх Б.Энхболд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав
2021-05-27

1

Улаанбаатар хот, 2021 оны 5 дугаар сарын 25 – Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Б.Энхболд, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Алтайбаатар нар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын МСС-нд ажиллаж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

2

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хэрэгжилтийн явцын талаар товч мэдээлэл өгөв. Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн биелэлтийг хангахад Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэснийг энэ үеэр онцлоод, цаашид төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд, тэр дундаа Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх зорилго бүхий “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах болон бусад тодорхой асуудлуудаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг энэ үеэрээ хүслээ.

3

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт,  Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт нар төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БХБЯ-ны зүгээс дэмжлэг авч, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан учир шинээр байгуулагдах Шинэ зуун мод, Майдар зэрэг дагуул хотуудыг усаар хангах боломжтой бөгөөд үүний тулд шинэ эх үүсвэрээс ус татах инженерийн байгууламж, шугам, хоолойн дэд бүтцийг эртнээс төлөвлөх шаардлагатайг энэ үеэр мөн дурдлаа.

4

Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Б.Энхболд Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх энэ чухал төслийг амжилттай хэрэгжүүлэхэд холбогдох бүхий л яам, агентлаг, төрийн байгууллагууд харилцан уялдаатай, нягт хамтран ажиллах шаардлагатайг дурдаад, тэр дунд хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх асуудал ч багтаж байгааг онцоллоо. Түүнчлэн хамтран ажиллах асуудлуудаа ач холбогдол, цаг хугацаагаар нь эрэмбэлэн шуурхай хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.