
Усны засаглал гэж юу вэ? Стокгольм дахь Олон улсын усны институтээс саяхан “Water” нээлттэй сэтгүүлд нийтэлсэн “Усны засаглалыг тайлбарлах нь: Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан загварчлал” өгүүллээрээ энэ асуултад хариулахыг зорьсон юм. Сүүлийн жилүүдэд усны засаглалд анхаарал ихээр хандуулах болсон ч энэ нэр томьёоны бодит утга юу болох, улмаар хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй байсаар ирлээ. Тус өгүүллээр Стокгольм дахь Олон улсын усны институтийн мэргэжилтнүүд шийдвэр гаргагчдад зориулан усны засаглалыг практик байдлаар тайлбарлахыг зорьжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан бэрхшээлүүд даамжирснаар дэлхийн усны нөөцөд ирэх ачаалал нэмэгдсээр байна. Усны засаглалыг голдуу шийдэл мэтээр тодорхойлдог бөгөөд үл хайхарснаар усны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд бэрхшээл учирдаг. Иймд, усны засаглал гэж юу болох, юу юуг хамааруулж ойлгох, практикт хэрхэн хэрэглэх талаар ойлголттой болох нь чухал юм. Усны засаглалын ялгаатай бүрдэл хэсгүүдийг сайтар ойлгосны үндсэн дээр л усны нөөцийн менежментийг сайжруулж, гэнэтийн цочрол болон гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулж чадах билээ.
Стокгольм дахь Олон улсын усны институтийн /СОУУИ/ усны засаглалын мэргэжилтнүүд усны засаглалыг сайжруулах холын зорилготойгоор шийдвэр гаргагчид болон салбарын боловсон хүчинд зориулан бодит үйл ажиллагаанд чиглэсэн усны засаглалын үйл явцыг хэрхэн төлөвлөн зохион байгуулах талаар зөвлөмж бэлтгэхээр шийдсэн байна.
Зөвлөмжийг бэлтгэсэн Алехандро Хименез, Панчали Сайкиа, Рикард Гине, Пилар Авело, Жэймс Летен, Биржитта Лисс Лимер, Кэрри Шнайдер болон Робин Вард нарын зохиогчид усны засаглалын талаарх олон талт мэдлэгээ хуваалцжээ. Тэд өөрсдийн туршлага, судалгааны нийтлэлүүд болон сүүлийн хэдэн жил салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үр дүнд тулгуурлан усны засаглал гэж чухам юу болохыг тодорхойлохыг зорьсон байна. Санал болгож буй шинэ загварчлалаар усны засаглалыг тайлбарлахдаа гол бүрэлдэхүүнүүд болох чиг үүргүүд, хэрэгжүүлсэн тохиолдолд илрэх онцлог шинж чанарууд болон тодорхой үр дүнд хүрэхийн тулд өөр хоорондоо ялгаатай оролцогч талуудын үнэт зүйл, зорилготой хэрхэн уялдаж, холбогдож буйг тодорхойлжээ.
Түүнчлэн, зөвлөмжийг зохиогчид энэхүү загварчлалыг практикт ашиглаж болох жишээг ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн /WASH/ нөхцөл байдлыг үнэлэн, холбогдох арга хэмжээг төлөвлөх арга хэрэгслээр дамжуулан харуулжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас /UNICEF/ СОУУИ-ын оролцоотойгоор боловсруулсан Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйд тулгарч буй бэрхшээлийг үнэлэх арга хэрэгсэл /WASH Bottleneck Analysis Tool/ нь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын үр ашигтай байдлыг сайжруулах зорилготой бөгөөд загварчлалд тусгасан усны засаглалын чиг үүргүүд болон онцлог шинж чанаруудад суурилжээ.
Тус загварчлал нь үйл ажиллагаанд чиглэсэн усны засаглалын үйл явцыг хэрхэн утга учиртай, үр дүнтэй төлөвлөх боломжтойг ойлгуулахын зэрэгцээ усны нөөцийн менежмент, үйлчилгээг сайжруулах талаар салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын ойлголтыг дээшлүүлэх ач холбогдолтой. Мөн усны засаглалыг концепц буюу ойлголтын түвшнээс практик буюу хэрэглээнд нэвтрүүлснээрээ усны салбарын залуу мэргэжилтэн, судлаач, академичдад шинэ харах өнцөг бий болгож, зөвлөгөө өгч буй юм.

Усны засаглалын өнөөгийн түвшин дэх дутагдалтай талуудыг үнэлж, цаашид сайжруулахын тулд эхлээд засаглалын чиг үүргүүд, шинж чанарууд болон энэхүү үйл явцад нөлөөлж байдаг талуудын үнэт зүйл, зорилгуудтай хэрхэн уялдаж буйг ойлгох шаардлагатай.
Усны засаглалын чиг үүргүүд
Усны засаглалын чиг үүргүүд гэдэг нь тодорхой нэг байгууллагаас /тухайлбал, яам эсвэл сав газрын захиргаа/ үүрэг даалгавар болгосон, эсхүл хариуцан хэрэгжүүлж буй салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай гол үйл ажиллагаа, үйл явцуудыг хэлнэ.
Ус хангамж, ариутгах татуурга, усны нөөц, хил дамнасан ус зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий үйл ажиллагаанууд нь хоорондоо ижил төстэй, эсхүл ялгаатай, эсхүл аль аль нь байж болно гэдгийг ойлгох нь чухал. Нөхцөл байдлаас шалтгаалан өөрлөлт гарах боломжтой тул чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд урьдаас тогтоосон дэс дараалал байхгүй юм. Тухайлбал, төлөвлөлт, уялдаа холбооны үйл ажиллагаа руу орохоос өмнө ихэвчлэн эхлээд салбарын бодлого, стратегийг боловсруулан тогтоодог боловч зарим тохиолдолд хууль, эрх зүй, бодлогын орчныг хэлэлцэж байх үед өдөр тутамд үйлчилгээг хүргэх шаардлага гарч болно.
Усны засаглалын онцлог шинж чанарууд
Усны засаглалын онцлог шинж чанарууд нь засаглалын чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлдог. Тухайлбал, оролцоог хангана гэдэг нь зүгээр л байлцуулахын нэр биш, харин шийдвэр гаргах үйл явцад холбогдох талуудыг өргөн хүрээтэйгээр /тухайлбал эмзэг бүлгийн иргэд/ утга учиртай, идэвхтэй оролцуулах тухай юм.
Өөр нэг шинж чанар бол хүртээмжтэй байдал. Энэ нь хэрэгцээ шаардлага, эмзэг байдал болон аливаа ангиллаар ялгагдах бүлгүүд болон хувь хүмүүсийн эрхийг хүлээн зөвшөөрч, арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, угсаа гарал, хэл, хөгжлийн бэрхшээл, эдийн засгийн болон бусад нөхцөлөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг хэлнэ. Оролцоог хангах, хүртээмжтэй байх зэрэг шинж чанартай, олон шатлалтай засаглалын бүтцийг үр дүнтэй байлгахын тулд хариуцлагын механизмуудыг нэвтрүүлэх шаардлагатай юм. Хариуцлагатай байдал гэдэг нь сонгогдсон албан тушаалтнууд, мөн усны үйлчилгээ, усны нөөцийн менежментэд үүрэг хүлээсэн хүмүүс үйлдэлдээ хариуцлага хүлээж, үйлчилж буй иргэд, хуулийн этгээдийнхээ хэрэгцээ шаардлагыг сонсож, хүлээж авдаг байхыг хэлнэ.
Үр дүнгийн дөрвөн шатлал
Нэг: Засаглалын аливаа санаачилга хэрэгжих таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх
Хоёр: Нөөц ашиглагчид болон голлох оролцоотой байгууллагуудын зан үйлийг өөрчлөх
Гурав: Нийгэм, байгаль орчны нөхцөл байдалд зорьсон өөрчлөлтүүд гарах
Дөрөв: Шаардлагатай орчин, нөхцөлүүдийг тогтвортойгоор дэмжих чадвартай нийгэм-экологийн уян хатан тогтолцоо бий болгох
Энэхүү зөвлөмжийг зохиогчид хөрсний ус, гол мөрнөөс далайг тэнгисийг хүртэл бүгдийг хамруулсан цогц системийн засаглалд зориулан Стэфен Б.Олсены санал болгосон Үр дүнгийн шатлалыг усны засаглалд нийцүүлсэн энэхүү дөрвөн шатлал нь урт хугацаандаа тогтвортой хөгжлийн туйлын зорилгод хүрэхэд хөтөлнө хэмээн тайлбарлаж байна. Хүсэн хүлээж буй үр дүнгүүд нь засаглалын гол чиг үүргүүдийн биелэлттэй шууд холбогдоно гэдгийг мөн онцолжээ.
Оролцогч талуудын үнэт зүйл, цаашдын зорилго
Чиг үүргүүд хэр чанартай, ямар цар хүрээнд хэрэгжих нь засаглалын үйл явцад оролцож буй шийдвэр гаргагчид, иргэд зэрэг оролцогч талуудын үнэт зүйл, зорилгоос ихээхэн хамаарна. Тулгарч буй бэрхшээлийн талаарх талуудын ойлголтыг нэмэгдүүлж, хүмүүсийн зан үйлийг өөрчлөх нь үүний нэг хэсэг болно. Олонтаа дурдагддаг жишээнүүдэд 2017-2018 онд Кэйп Таун хотод нүүрлэсэн усны хямралын үеэр усны хэрэглээг багасгах талаар авсан арга хэмжээ болон дэлхийн хамгийн том жорлон байгуулж, зан үйл өөрчилсөн кампанит ажлуудын нэг болох “Цэвэр Энэтхэг” санаачилга багтдаг. Оролцогч талууд шударга байдлыг эрхэм зорилгоо болгож, засаглалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ур чадвар, үнэнч шударга, ил тод байдлын ёс суртахуун, ёс зүйн үнэ цэнийг шингээвэл усны салбар дахь хууль бус, зүй зохисгүй байдал, авлига, хээл хахууль аяндаа арилна.
Эх сурвалж:
"SIWI" усны институт
Зохиогч: Др. Алехандро Хименез. Панчала Сайкиа
https://www.siwi.org/latest/new-framework-on-water-governance-for-practitioners/
Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн багаас орчуулан хүргэж байна.