
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг үндэслэн байгаль хамгаалах үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх зорилгоор “Хандлагаа өөрчилье” сэдвийн дор багц ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд тус яамны харьяа байгууллага болох бүх нийтэд экологийн боловсрол олгох чиг үүрэг бүхий Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран 2018 оноос “Ногоон паспорт” аяныг Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудын эко клубуудын дунд зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд ахлах ангийн 120 мянга орчим сурагч “Ногоон паспорт” аянд нэгдэн, “Ногоон паспорт” өврийн дэвтэр хөтөлж байна. Энэхүү өврийн дэвтрийн цаасан хувилбар 2019 оны 12 дугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжин “Ногоон паспорт” аппликэйшн болж, Play store, App store-уудад байршин татаж авахад бэлэн болжээ.
Ирээдүй хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой, ухаалаг гар утсанд суурилсан энэхүү аппликэйшний хэрэглэгч болсноороо цаас хэмнэх, “Ногоон паспорт” аяны цаг үеийн мэдээ, уралдаан, тэмцээн, сургалт, уулзалтын талаар мэдээллийг цаг алдалгүй авах, оноогоо цуглуулан төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, байгаль орчны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөөр дамжуулан танин мэдэхүйгээ хөгжүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.

“Ногоон паспорт” аппликэйшнд багтсан Дижитал Ой цэсийг ашиглан байгальд ээлтэй үйлдлүүд хийснээр оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо 18 төрлийн модноос сонголт хийж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгуулагдсан “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнд мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар модоо суулгуулах, арчлуулах, мөн тарьсан модон дээрээ өөрийн нэр бүхий пайзыг байрлуулах боломжтой болох юм.
Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн арга, дадалд суралцаж байна. Үр дүнд нь, 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая метр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хий ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байна.
Эх сурвалж: БОАЖЯ