Улаанбаатар хот, 2021 оны 6 дугаар сарын 11 – Монголын МСС Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд зураг төсөл боловсруулах, барилга, угсралтын ажил гүйцэтгэх олон улсын нээлттэй тендер шалгаруулалтууд зарлахаар төлөвлөж буйтай холбоотойгоор гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий хоёр дахь цахим уулзалтыг Франц-Монголын худалдааны танхим, Герман-Монголын бизнесийн эрхлэгчдийн холбоо, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл, Монгол дахь Австралийн худалдааны танхим, Монгол-Солонгосын эдийн засгийн форум ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хамтран зохион байгуулагч байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцож мэдээлэл авав.

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос цахим уулзалтад оролцогч гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон гишүүн байгууллагууддаа мэдээлэл түгээж, хамтран ажилласан Франц, Герман, Энэтхэг, Австрали болон Солонгосын худалдааны танхим, бизнесийн зөвлөлд талархал илэрхийлж, Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй Компакт гэрээний санхүүжилтээр хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох олон боломж гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш нээлттэй байгааг онцоллоо. Үргэлжлүүлэн Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг товч танилцуулсан бол АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох МСК-ын талаар товч мэдээлэл өгч, Компакт гэрээний хүрээнд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтад оролцож, МСК болон Монголын МСС-тай хамтран ажиллахын давуу талуудыг цохон тэмдэглэлээ.

Уулзалт дэд бүтцийн хоёр төсөл болох Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа болон Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер, тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйл, МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар холбогдох захирлуудын мэдээллээр үргэлжлэв. Түүнчлэн татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.

Цахим уулзалтын төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Ташрамд дурдахад, Худалдан авах ажиллагаа болон төсөл, хөтөлбөрийн холбогдолтой ерөнхий мэдээллийг Монголын МСС-ийн цахим хуудсаас авах боломжтой бөгөөд Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.
Цахим хурлын тэмдэглэл, асуулт хариулт болон оролцогчдын жагсаал