Монголын МСС-ийн төлөөлөл “Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2021” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
2021-05-06

1 1

Улаанбаатар хот, 2021 оны 5 дугаар сарын 5 - Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  Барилга, архитектурын сургууль (ШУТИС, БАС)-ийн жил бүр хамтран зохион байгуулдаг “УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр цахимаар амжилттай болж өнгөрлөө. Хуралд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ зэрэг холбогдох газар, агентлагууд, Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), мөн ШУТИС, МУИС зэрэг их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 100 орчим төлөөлөл оролцов.

3

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд энэхүү эрдэм шинжилгээний хурал үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдаад, Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй төслүүд, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төсөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд нь нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. ШУТИС-ийн БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерингийн салбарын эрхлэгч доктор, профессор С.Чулуунхуяг “Усны нөөц хаана дуусна, тэнд амьдрал төгсөнө” гэсэн узбек ардын онч үгийг онцолж, оролцогчдод амжилт хүсээд хурлыг нээлээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд УСУГ болон Нийслэлийн хот төлөвлөлт, байгаль орчин, инженерийн байгууламж, ус хангамж, ариутгах татуургын асуудал хариуцсан холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, ариутгах татуургын систем, цаашдын төлөвлөлт, ус ашиглалт, хамгаалал, чанар, аюулгүй байдал, ус ашиглагч болон бохирдуулагчдад хийсэн шалгалт, авсан арга хэмжээ, саарал ус ашиглалтын өнөөгийн байдал зэрэг сэдвээр танилцуулга хийв. Түүнчлэн ШУТИС-ийн БАС-ийн ахлах багш докторант Н.Насанбаяр “Богдхан уулын усан сангууд, орчиндоо нөлөөлөх нөлөөллийн судалгаа”, ахлах багш докторант Ж.Даваацэрэн “Монгол оронд саарал усны хэрэглээ бий болгох хэрэгцээ, шаардлага”, докторант Г.Ариунаа, С.Эрхэмбаяр нар “Монгол орон дахь бохир ус цэвэрлэгээний технологид химийн цэвэрлэгээг нэвтрүүлэх хэрэгцээ ба шаардлага”, дэд профессор, доктор Б.Лхагвадулам “Бохир ус цэвэрлэгээний лагийг боловсруулах судалгаа” сэдэвт судалгааны шинжилгээний илтгэлийг тус тус танилцуулж, хэлэлцүүлэв.   

4

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний Улаанбаатар хотын усны салбар, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Тэрээр “Бид Компакт гэрээний санхүүжилтээр барих эхний томоохон бүтээн байгуулалт болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад, одоо хэлэлцээрийн шатандаа орохоор бэлтгэл хангаж байна. Үүнээс гадна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Шинэ ТЦБ-аас гарах хаягдал уснаас авч дахин боловсруулаад, ДЦС-уудын техникийн хэрэгцээнд нийлүүлж, газрын доорх усны эрэлтийг бууруулах юм. Дахин боловсруулсан усыг ДЦС-уудын техникийн хэрэгцээнээс гадна ойролцоох бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ашиглах санал санаачилга мөн яригдаж байгаа. Цэвэр усаа хэмнэх, хаягдал усыг дахин боловсруулж ашиглах хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа энэ үед гурил зуурдаг усаараа цемент зуурахаа больчихвол бидний хувьд том дэвшил болно. Энэ бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтын үр ашгийг зохих ёсоор хүртэх, усны салбарын тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилго бүхий бодлогын шинж чанартай төслийг бид мөн хэрэгжүүлнэ” гэлээ.

Төгсгөлд нь, Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах эдгээр бүтээн байгуулалт, хоёр томоохон үйлдвэр, түүнчлэн үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах зорилгоор байгуулах дэвшилтэт технологи бүхий лабораторийг ажиллуулах боловсон хүчнийг одооноос бэлтгэх шаардлагатай байгааг онцлоод, ШУТИС, МУИС зэрэг усны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн “УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН 2021” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хаягдал усны цэвэрлэгээ, хаягдал ус дахин боловсруулж, эргүүлэн ашиглах асуудлыг хөндсөн сэдвүүд зонхилсон бөгөөд дахин боловсруулсан усны ашиглалтыг нэмэгдүүлэх, дэмжиж урамшуулах, холбогдох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг оролцогчид онцолж байлаа. Усны асуудлаас гадна хот төлөвлөлт, архитектур, агаарын бохирдол, дулаан, автозамын нөхцөл байдал, цаашдын төлөвлөлт, түүнчлэн цар тахлын үеийн тулгамдаж буй асуудлууд зэрэг бусад сэдвээр мөн илтгэлүүд хэлэлцүүллээ.  

###

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. 

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.