Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ
2021-05-13

Dsc 0169edit3Улаанбаатар хот, 2021 оны 5 дугаар сарын 13 – Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Хан-Уул дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Мягмар нартай ажил хэргийн уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг товч танилцуулав. Тэрээр энэ үеэрээ “Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотод, тэр дундаа Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөж энэ хоёр дүүргийн иргэд, аж ахуйн нэгжид хамгийн түрүүнд хүрнэ” гэдгийг онцоллоо. Түүнчлэн Компакт гэрээний санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтууд нь Улаанбаатар хотын дэд бүтцэд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох бөгөөд шинээр барьж байгуулах ус гүн цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг түшиглэн бусад олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэхийг дурдав.

Уулзалтаар талууд Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой бизнесийн болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, донор байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах уулзалт, арга хэмжээ зохион байгуулах байгуулах болон бусад чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн Компакт гэрээний хүрээнд боловсруулж, батлуулсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, аж үйлдвэрийн бохирдлыг бууруулахад түлхэц өгөх, анхаарах, холбогдох бүх талын оролцоог хангахад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын хоёр төлөөлөгч тууштай дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.