Улаанбаатар хот, 2021 оны 8 дугаар сарын 25 - Монголын Мянганы сорилтын сан Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх олон улсын тендер шалгаруулалтыг 2021 оны 07-дугаар сарын 26 -ны өдөр зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Тендерийн санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Уулзалтад гадаад, дотоодын 24 компанийн төлөөлөл оролцож дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Усны Компакт гэрээний талаар танилцуулсны дараа АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирлын орлогч Эрик Гүтшоф Мянганы сорилтын корпорацын талаар товч мэдээлэл өгсөн юм.


Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа хариуцсан захирал Т. Хишигт Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл болон барилга угсралтын ажлын цар хүрээтэй холбогдох техникийн мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Цахим уулзалтаар мөн тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг танилцуулга мэдээлэл, хурлын тэмдэглэлийн хамт бүх оролцогчидод цахим шуудангаар илгээхээ мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.