Улаанбаатар хот, 2022 оны 3 дугаар сарын 3 – Монголын Мянганы сорилтын сан Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Уранчимэгийг томиллоо. Г.Уранчимэг нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дараагийн Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Монголын Мянганы сорилтын сангийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.Уранчимэг нь Америкийн мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Корпорацийн санхүү, Стратеги төлөвлөлт, Маркетинг, Финтек болон Төслийн менежментийн туршлагатай мэргэжилтэн юм.
Монголын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах баг
info@mca-mongolia.gov.mn
(976) 7711 1710
###
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.