“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилсан цэвэрлэх төлөвлөгөө” батлагдлаа
2021-03-04

Ql2rnjsexvneefomslxx

Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 4 – Үйлдвэр, аж ахуйн газруудаас ариутгах татуургын сүлжээнд хаяж буй хаягдал усны бохирдлыг бууруулах замаар Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) руу орж буй нийт хаягдал усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах зорилгоор Монголын МСС-аас БХБЯ тэргүүтэй холбогдох яам, агентлаг, байгууллага, бохирдол ялгаруулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталлаа.  

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г АНУ-ын МСК-ын корпорацын шаардлагад нийцүүлэн боловсруулж, батлуулах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газарт тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийн тайланг Монголын МСС-аар дамжуулан АНУ-ын МСК-д хүргүүлж байх үүргийг Компакт гэрээний дагуу хүлээж байгаа юм.

Ipp Zasag

Төлөвлөгөөг үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах талаар Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчны байдал, байгууллагуудын техникийн чадавхыг нарийн шинжлэн үзсэний үндсэн дээр боловсруулж, холбогдох яам, агентлагууд, бохирдуулагч үйлдвэр аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачдаар удаа дараа нээлттэй хэлэлцүүлэн саналыг тусгасан. Тус төлөвлөгөөний хүрээнд,

  • Төв цэвэрлэх байгууламжид ирж буй хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, хаягдлын мэдээллийн сан бий болгох;
  • Үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх;
  • Үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж (УЦБ), тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Бохирдуулагч үйлдвэрүүдийг УБ хотоос гаргах хүртэл Харгиа УЦБ-ийг хэвийн ажиллуулах;
  • Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэр, технологийн парк руу нүүх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хаягдал усны бохирдлыг бууруулах болон ус дахин ашиглах, ашиглалт, үйлчилгээ хяналт, зохицуулалтын хууль эрх зүйн баримтын хэрэгжилтийг хангах шаардлагатай шинэчлэлт, нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Олон нийт, бохирдуулагч үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийг соён гэгээрүүлэх, мэргэжлийн арга зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах

гэсэн долоон чиглэлээр нийт 60 гаруй төрлийн ажил хийж хэрэгжүүлэх юм. Түүнчлэн урьдчилан цэвэрлэх байгууламжийн худалдан авалт, угсралт суурилуулалтын ажлыг санхүүжүүлэх боломжит арга зам, механизмын талаар төлөвлөгөөнд тусгаж, хаягдал усны бохирдлын түвшнээс хамааруулан технологийн сонголт хийх болон урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулахад шаардагдах анхны хөрөнгө оруулалтын зардлын тооцооллыг хийх загварчлал боловсруулсан. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  БХБЯ, ХХААХҮЯ, НЗДТГ,  УБ хотын Захирагчийн Ажлын Алба, БОАЖЯ, Усны газар, УСУГ болон бохирдуулагч аж ахуйн нэгж, үйлдвэрүүд голлох үүрэгтэй оролцож, Сангийн Яам, Туул голын сав газрын захиргаа, МХЕГ, НМХГ, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар,  Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд хамтран дэмжих дэмжлэг үзүүлэх юм.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлж, улмаар байгаль орчин, Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн шинэ ТЦБ болон Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.