
Улаанбаатар хот, 2020 оны 08 дугаар сарын 25 - Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бүрэн нөхөх зорилго бүхий Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулахаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Усны зохицуулах зөвлөл)-тэй Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээг байгууллаа. Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Усны зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нар Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Монголын МСС болон Усны зохицуулах зөвлөл хамтран боловсруулсан Зардал нөхөх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх алхамуудын талаар санал солилцсон юм.




Улаанбаатар хотын ус хангамж, хаягдал ус татан зайлуулах үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, элэгдлийн зардлыг бүрэн нөхөх Зардал нөхөх төлөвлөгөөг боловсруулж, батлах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын заавал биелүүлэхээр хүлээсэн урьдач нөхцөлүүдийн нэг бөгөөд эдгээр нөхцөлийг биелүүлснээр Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, улмаар АНУ-ын буцалтгүй тусламжийг авах эрх нээгдэх учиртай.
Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өртөг, зардлыг бүрэн нөхөх төлөвлөгөөг боловсруулж, баталж, хэрэгжүүлснээр Компакт гэрээний нэг урьдач нөхцөлийг хангаад зогсохгүй, үнэ тарифын урт хугацааны бодлоготой болж, улмаар ашиглалтын байгууллагуудын үйл ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, цаашлаад хотын хүн амд найдвартай, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэх ач холбогдолтой юм.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.