Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 29 - Компакт гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-аас тавигддаг шаардлагын дагуу хэрэгжүүлэхээр Монголын МСС болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хооронд Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ байгуулж, Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-ны дарга А.Энхманлай нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Манай хоёр байгууллага жил гаруйн хугацаанд хамтран ажилласны үр дүнд Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг амжилттай боловсруулж дууссан. Хэдийгээр Ковид-19 цар тахлын энэ амаргүй нөхцөл байдал төлөвлөгөөний хэрэгжилтэд том сорилт болж байгаа ч бид газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь эхлүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах учиртай” гэлээ.

НГЗБА-ны дарга А.Энхманлай хариуд нь “Улаанбаатар хотын ард иргэдийн амин хэрэгцээ болсон усны нөөцийг нэмэгдүүлэх чухал төсөл хөтөлбөрт гар бие оролцон, хамтарч ажиллаж байгаа нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. НГЗБА нь олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагай. Бидний ажлын туршлага энэхүү гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохих ёсоор хувь нэмрээ оруулах болно” гэж хэлсэн юм.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин энэ үеэр “Компактын санхүүжилтээр эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд аль салбар, ямар төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахаа шийдэх, гардаж хэрэгжүүлэх боломжийг тухай Засгийн газарт нь олгодог нь МСК-ын баримталдаг гол зарчмуудын нэг. Энэ удаад ч мөн Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хариуцан хэрэгжүүлэх гэж буй нь нийслэлчүүд та бүхэн энэ төсөлдөө эзэн болж буйн нэг чухал илрэл юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэгч байгууллага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг МСК-ын Байгаль орчны зааварчилгааны журам, Олон улсын санхүүгийн корпорацын Гүйцэтгэлийн 5 дугаар стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хэрэгжүүлэх юм.
