
Өдөр тутам авах арга хэмжээ
Хортой болон аюултай эд, материалыг зөв ашиглах, хаях
Аюултай хог хаягдлыг угаалтуур, замын ус зайлуулах хоолой руу, эсхүл газарт ил задгайгаар хаяж болохгүй. Учир нь, хөрс, гүний ус, ойр орчмын гадаргын усыг бохирдуулна. Гүний болон гадаргын усыг бохирдуулах аюултай, хортой бодисууд гэр ахуй, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний найрлагад ч агуулагдаж байдаг. Тухайлбал:
- Моторын тос
- Шавьж устгах хор
- Үлдэгдэл будаг, эсхүл будгийн лааз
- Цагаан эрвээхэйн хор
- Нохойн бөөснөөс хамгаалах хүзүүвч
- Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд
- Зарим төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн гэх мэт.
Зүлэг, ногоогоо арчлахад химийн бодис хэрэглэх эсэхээ сайтар бодож үзэх
Шавьж устгах хор, бордооны хэрэглээгээ хязгаарлаж, хэрэв ашиглах бол шошго дээрх зааврыг заавал дагаарай. Ихэнх бордоо, шавьж устгах хорны найрлагад хөрсөөр дамжин гүний ус, гол мөрөн, нуурын усыг бохирдуулах хор уршигтай химийн бодисууд агуулагдаж байдаг.
Бохир ус зайлуулах системийг зүй зохистойгоор ашиглаж, засвар үйлчилгээг тогтмол хийж байх
Гэр ахуйн хэрэглээнээс гарсан, цэвэрлээгүй, эсхүл дутуу цэвэрлэсэн хаягдал ус нь гүний усыг, улмаар ундны ус, байгаль орчныг бохирдуулах аюултай байдаг. Ажиллагаа нь доголдсон бохирын системээс алдагдсан хаягдал ус тухайн газар орныхоо газрын доорх уст давхарга, сувгуудыг нян, вирус, химийн бодисуудаар бохирдуулж байдаг. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд айл өрхийн бохирын системд мэргэжлийн хүмүүс наанадаж гурван жилд нэг удаа шалгалт хийж байх нь зүйтэй. Айл өрхийн бохирын танкийг гурваас таван жил тутамд шавхдаг бол цахилгаан хөвөгч унтраалга, насос, эсхүл механик эд ангиудтай системийг илүү ойр ойрхон буюу жилд нэг удаа шалгаж үзэх шаардлагатай.
Эм, эмийн бүтээгдэхүүнийг зөв зүйтэй хаяж, устгах
Бохир ус зайлуулах септик системтэй айлууд эм, эмийн бүтээгдэхүүнийг жорлонд хийж урсгаснаар хөрс, цаашлаад ус бохирдуулах тохиолдол их гардаг. Төвийн бохирын шугамд холбогдсон хот, суурины оршин суугчдын хувьд угаалтуур, жорлонд хийсэн эм, эмийн бүтээгдэхүүнүүд цэвэршүүлэх системээр дамждаг ч мөн л ялгаагүй гол мөрөн, нуурын усанд орж, ундны усны эх үүсвэрийг бохирдуулах магадлалтай. Учир нь, хаягдал ус цэвэрлэж, дахин боловсруулах үйлдвэрүүд олонх нь усанд шингэсэн эмийг тогтмол шүүж цэвэрлэдэггүй.
Эх сурвалж:
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг
https://www.epa.gov/sourcewaterprotection/how-can-you-help-protect-source-water
Монголын МСС-ийн Санхүүгийн багаас орчуулан хүргэж байна.